Tuesday, February 1, 2011

Тэргүүний ахмадын хороогоор шалгарлаа


Ахмад настанд төрөөс үзүүлэх нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулахад тушиглэсэн байгууллагатайгаа хамтран идэвх санаачлага гарган ажиллаж, улс орныхоо хөгжил цэцэглэлтэд залуу насаа зориулж хөдөлмөрлөж ирсэн ахмад настнуудыг хамт олноо гэсэн өөдрөг сэтгэлтэй, эруул саруул урт удаан наслахад нь тус дэм болж ажиллаж байгааг үнэлж ЗТБХБЯ-наас ИНЕГ-ын Ахмадын хороог салбарын тэргүүний ахмадын хороогоор шалгаруулсан байна.

Ахмадуудын дунд зохиох ажлын талаар өөрийн салбар, зөвлөлүүдэд удирдамж чиглэл өгч, ахмадуудын хийж бүтээсэн, салбарын хөгжилд оруулсан хувъ нэмэр, ажлын туршлагыг нь хойч үедээ уламжлуулах, ахмадуудын чөлөөт цагийг хамт олныхоо дунд сэтгэл хангалуун ур дүнтэй өнгөрөөх, тэднийг аялал жуулчлал, урлаг спортын арга хэмжээнд татан оролцуулах, эмчилгээ сувилалд явуулах зэргээр ахмадуудын сайн сайхны төлөө байнга анхаарч, ахмадуудынхаа бутээлч санаачлага, идэвх зүтгэлийг өрнүүлэн ажиллаж байгаа ИНЕГ-ын Ахмадын хороо болон байгууллага хамт олны ажлын амжилтыг үнэлж Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас тус газрын Ахмадын хороог "Тэргүүний ахмадын хороо"-гоор шалгаруулж "Хундэт Өргөмжлөл"-өөр шагнажээ.

Sunday, October 24, 2010

Дугарын ГУНГАА (1916-2010)


Монгол Улсын түүхэнд нэрээ үлдээсэн эх орончдийн нэг, бидний эрхэм хүндэт хүн Монгол Улсын Баатар, Монголын Иргэний нисэхийн ерөнхий газрын анхны дарга, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, БНМАУ-ын Гавьяат нисгэгч, хошууч генерал Дугарын ГУНГАА 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдөр өвчний улмаас таалал төгсөж, Монголын ард түмэнд нөхөшгүй гарз тохиолоо.

Монгол Улсын баатар, БНМАУ-ын Гавьяат нисгэгч Дугарын Гунгаа нь 1916 онд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг Сангийн далай гэдэг газар төрж, 1937 онд Улаанбаатар хотод Нисэх бригадын дэргэдэх нисэх сургууль, 1958-1959 онд ЗХУ-ын нисэхийн курсыг тус тус төгсөж, Сүхбаатар аймгийн Дарьганга дахь 35 дугаар морьт хорооны цэрэг, бага дарга, 1937 оноос Нисэх сургуульд хэсгийн дарга, 1939 оноос Нисэх I хороонд эскадрилийн дарга, 1942 оноос Нисэх дивизийн III хорооны дарга, 1944 оноос Нисэх II хороонд эксадрилийн дарга, 1945 оноос Нисэх V хороонд нислэгийн туслах, 1947 оноос Нисэх отрядын дарга, 1948 оноос Нисэх V хорооны орлогч дарга, 1953 оноос мөн хорооны нислэгийн орлогч, 1958 оноос Нисэх V отрядын дарга, 1963 оноос Агаарын харилцааны газарт боловсон хүчний хэлтсийн дарга, 1964 оноос Агаарын харилцааны газрын хөдөлгөөний албанд шалгах группын дарга, 1965 оноос Агаарын харилцааны газар, ИАТУЕГ-ын даргаар тус тус ажиллаж, нисэх хүчин болон Иргэний нисэхийн салбарт өөрийн хүч, авъяас чадвараа зориулсан манай салбарын шилдэг боловсон хүчний нэг, ахмад сурган хүмүүжүүлэгч байлаа


Монголын эх оронч, баатарлаг хөвгүүдийн нэг Д.Гунгаа нь 1934-1974 оныг хүртэл эзэмшсэн мэргэжлээрээ ажилласан бөгөөд энэ хугацаандаа 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн, 1944, 1947 оны баруун хязгаарын зэвсэгт тулгаралтанд оролцож, эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалах үйлсэд амь биеэ үл хайрлан эрэлхэг зоригтой, баатарлагаар тулалдаж явсан төдийгүй энхийн цагт Монголын Иргэний нисэхийн салбарын түүхийн хуудасыг нээж, түүний залуу боловсон хүчнийг сурган хүмүүжүүлж, салбар болон улс орны эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулах ажлыг биечлэн удирдан зохион байгуулж, их ирээдүйн төлөө дэнлүү мэт ассан, цуцашгүй хөдөлмөрч, иргэний нисэхийн салбарын шилдэг удирдагчдын нэг, нисэх хүчний амьд түүхийн хуудас болсон манай манлайлагчдын нэг юм.


Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, БНМАУ-ын Гавьяат нисгэгч, Монгол Улсын Баатар Дугарын Гунгаагийн эх орноо харийн дайснаас батлан хамгаалах их үйлс болон Иргэний агаарын тээврийн салбарын хөгжил, түүний залуу боловсон хүчнийг сурган хүмүүжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэл, алдар гавьяаг төр засаг өндөрөөр үнэлж 1965 онд БНМАУ-ын Гавьяат нисгэгч цол, 1969 онд Хошууч генерал цол, 2009 онд Монгол улсын Баатар цол, мөн Сүхбаатарын одон, Байлдааны улаан тугийн одон, Алтан гадас одон /хоёр/, Байлдааны медаль болон бусад ойн медаль, ЗХУ-ын Байлдааны улаан тугийн одонгоор тус тус шагнаж байв.


Талийгаачийн ар гэр, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхөд, ойр дотныхонд гүн эмгэнэл илэрхийлье. Талийгаачийн ухаалаг, хүнлэг, нөхөрсөг, шулуун шударга, ямагт гэрэл гэгээ цацруулсан дүр төрх, шинийг сэдэгч, бүтээн байгуулагч, баатарлаг эх оронч, амьдралын идэвхитэй чанар нь Монголын ард түмний сэтгэл зүрхэнд мөнх орших болно.

ИНЕГ-ын Ахмадын хороо

Thursday, October 7, 2010

Төрөөс ахмад настнуудад таван төрлийн хөнгөлөлт, үйлчилгээ үзүүлдэг


Аравдугаар сарын 1-ний өдөр. Ахмадуудын баярын өдөр. Тэдэнд зориулж доорх мэдээллийг хүргэж байна. Ахмадууд маань эдлэх ёстой хөнгөлтийнхөө талаар хэр ихийг мэддэг бол. Хэрэв зээ мэддэггүй бол доорх мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.

Тэжээн тэтгэх хүүхэдгүй, эсхүл хууль ёсны тэжээн тэтгэгч нь дэмжлэг туслалцаа үзүүлэх боломжгүй нь тогтоогдсон ахмад настанд болон хүндэт донор ахмад настанд орон сууцны хөлс төлөхөд хөнгөлөлт үзүүлнэ

Тэжээн тэтгэх хүүхэдгүй, эсхүл хууль ёсны тэжээн тэтгэгч нь дэмжлэг туслалцаа үзүүлэх боломжгүй нь тогтоогдсон ахмад настанд болон хүндэт донор ахмад настанд орон сууцны хөлс төлөхөд хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад нь жилд нэг удаа мөнгөн тусламж олгоно.

Орон сууц, түлээ нүүрсний хөнгөлөлт авахад ямар баримт бичгийг бүрдүүлэх вэ?
-Өргөдөл;
-Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;
-Хөнгөлөлтөд хамруулах эсэх тухай сум, хорооны Ахмадын байгууллагын санал;
-Иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
-Хүндэт донорын үнэмлэх, хуулбарын хамт.

Ахмад настанд үнэт металлаар хийхээс бусад протезийг худалдан авсан болон дотоодод дахин хийлгэсэн зардлын үнийг таван жил тутам нэг удаа нөхөн олгоно

Ахмад настанд үнэт металлаар хийхээс бусад протез /сүүж-түнхний үе, сүүж- түнх, өвдөгний үе, дунд чөмөг, шилбэ, тавхай, тавхайн урд хэсэг, мөр, бугалга, шуу, сарвуу, хуруу, хиймэл шүд, эрүү, шилэн болон хуванцар нүд, нүдний болор/-ийг худалдан авсан болон дотоодод дахин хийлгэсэн зардлын үнийг таван жил тутам нэг удаа нөхөн олгоно.

Протезийн хөнгөлөлт авахад ямар баримт бичгийг бүрдүүлэх вэ?
-Өргөдөл;
-Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;
-Иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
-Протез, ортопедийн хэрэгсэл хийлгэсэн тухай баримт эсвэл нэхэмжлэлийн хамт.

Нийт ахмад настанд үзүүлэх хөнгөлөлт

-Ахмад настанд дотоодод хийлгэсэн /сүүж, түнх, дунд чөмөг, шилбэ, өвдөг, тавхай, тавхайн урд хэсэг, мөр, шуу, сарвуу, буйл, шүд, эрүү/ протезийн үнийг таван жил тутам нэг удаа нөхөн олгоно.
-Ахмад настанд харах болон сонсох эрхтний ортопедийн хэрэгсэл /сонсголын аппарат, харааны шил, шилэн болон хуванцар нүд, нүдний болор/-ийг таван жил тутам нэг удаа үнэ төлбөргүй олгоно.
-Дотоодод хийлгэсэн протез, ортопедийн хэрэгслийн зардлыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан жишиг үнээр тооцож бичиг, баримтыг үндэслэн банкны байгууллагаар дамжуулан үнийг нэг удаа нөхөн олгоно.
-Ахмадын зориулалттай амралт, рашаан сувиллын эрхийн бичгийг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан хөнгөлөлттэй үнээр олгоно.
-Ахмад настан нь нийслэл, аймгийн төвийн нийтийн тээврийн хэрэгсэл (таксинаас бусад)-ээр орон нутгийн харьяалал харгалзахгүй үнэ төлбөргүй буюу хөнгөлөлттэй үнээр зорчино.

Нийгмийн халамжийн ахмад настны тэтгэвэр

Нийгмийн халамжийн ахмад настны тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэх баримт бичиг:
-Тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл, 2 хувь зураг;
-Иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
-Тэжээн тэтгэх үр хүүхэд, төрөл садангийн хүнгүй нь тогтоогдсон тухай Амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэр, сум хорооны Засаг даргын тодорхойлолт
-Хууль ёсны тэжээн тэтгэгч нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн бөгөөд тэдгээр нь дэмжлэг туслалцаа үзүүлэх бололцоогүй бол энэ байдлыг тогтоосон тухай Амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэр, сум хорооны Засаг даргын тодорхойлолт
-Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй болохыг гэрчилсэн тухайн аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс /сумын нийгмийн даатгалын байцаагчийн/ тодорхойлолт.

Нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдах иргэд дээр дурдсан баримт бичгийг бүрдүүлж сумын нийгмийн ажилтан /Нийслэлд харъяа дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн ажилтан/ -д өгнө.

Сумын нийгмийн ажилтан /Нийслэлд харъяа дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс/ нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдах иргэнд дэвтэр нээж өгнө.

Нийгмийн халамжийн тэтгэврийн мөнгийг банкны байгууллагаас сар бүрийн 10-25-ны өдрүүдэд олгоно

Хүндэт донор ахмад настан болон эмчилгээ, сувилгаа зайлшгүй шаардлагатай ахмад настан ...

Хүндэт донор ахмад настан болон эмчилгээ, сувилгаа зайлшгүй шаардлагатай ахмад настан эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд амарч сувилуулах тохиолдолд тээврийн хэрэгслийн нэг талын зардал, эрхийн бичгийн үнийн 50 хувийг жилд нэг удаа нөхөн олгоно.

Рашаан сувиллын хөнгөлөлт авахад ямар баримт бичгийг бүрдүүлэх вэ?
-Өргөдөл;
-Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;
-Иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
-Унааны хөлс төлсөн баримт;
-Эрхийн бичиг;
-Эмнэлгийн байгууллагын дүгнэлт

Хүндэт донор бол:
-Хүндэт донорын үнэмлэх, хуулбарын хамт;
-Монголын донорын холбооны үнэмлэх, тодорхойлолт /нийслэлд/;
-Улаан загалмайн хорооны үнэмлэх, тодорхойлолт /аймагт/.

Monday, October 4, 2010

Олон улсын ахмадын өдөрт зориулан ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга П.Мөнхжаргалын хэлсэн үг


МЭНДЧИЛГЭЭ
2010.09.30



ИНЕГ болон МИАТ ХК-ны нийт ахмадууддаа Олон улсын ахмадын өдрийн баярын мэндийг хүргэе. Энэ өдрийг тохиолдуулан Монголын Иргэний нисэхийн салбарын хувь заяаг атган залуу үе бидэндээ хүлээлгэн өгч, эх орныхоо өмөг түшиг, түмэн олынхоо ноён нуруу, хойч үеийнхээ бахархал, үлгэр дууриал, болж өнөөдрийг бүтээсэн ахмадууд Та бүхэндээ Иргэний нисэхийн салбарын хамт олон гүн хүндэтгэл илэрхийлж байна.


1925 онд Ардын Засгийн газрын санаачлага, ард түмний хандив тусламжаар хөгжлийнхөө гарааг эхлүүлсэн Иргэний нисэхийн салбарын үе үеийн ахмадууд Та бүхэн маань эх орноо батлан хамгаалах, бүтээн босгох их үйлсийн төлөө цаг наргүй хөдөлмөрлөж, залуу халуу насаа салбарынхаа хөгжилд зориулж ирсэн билээ.
Та бүхний хуримтлуулсан эрдэм мэдлэг, баялаг арвин туршлага, хойч үеэ гэсэн чин шударга сэтгэл тань үнэтэй хувь нэмэр болсоор байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Иргэний нисэхийн салбар өнөөдөр олон улсын жишигт нийцсэн орчин үеийн техник технологийг амжилттай нэвтрүүлсэн, нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалт, эрх зүйн боловсронгуй тогтолцоог бүрдүүлсэн, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд өндөр хувь нэмэр оруулдаг салбар болон хөгжиж байна.
Энэ онд Иргэний нисэхийн салбарын хамт олон бид НҮБ-ын гишүүн 198 орны гишүүнчлэлтэй Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллага /ICAO/-ын аюулгүй ажиллагааны өргөтгөсөн аудит шалгалтад хамрагдаж, шалгалтыг урьдчилсан байдлаар 90 гаруй хувийн үнэлгээтэй өгөөд байна. ICAO нь аюулгүй ажиллагааны өргөтгөсөн аудитыг 2006 оноос гишүүн орнууддаа эхлүүлсэн бөгөөд Монгол Улсын Иргэний нисэхийн салбар нислэгийн аюулгүй ажиллагааг хангаж ажилладаг тэргүүлэгч орнуудын тоонд багтаж, хоёр хөршөөсөө өндөр оноо авсан нь Иргэний нисэхийн хамт олон бид олон улсын хэмжээнд эх орныхоо нэр төрийг өндөрт өргөж чадсан тод жишээ боллоо.
Мөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр өнгөрч байгаа агаарын хөлгийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор Хөвсгөл аймгийн Түнэл, Хэнтий аймгийн Бор-Өндөр, Төв аймгийн Алтанбулаг сумын Мөнххайрхан ууланд орчин үеийн бодит ажиглалтын систем, радио лакаторыг суурилуулсан бөгөөд дээрх төхөөрөмжийг суурилуулах ажил дуусч, ашиглалтад авах бэлтгэл ажил эхлээд байна.
Навигацын шинэ тоног төхөөрөмжийг ашиглаж эхлэхтэй холбогдуулан 2008 онд Англид 24, ОХУ-д 13, Украйнд нэг, 2009 онд ОХУ-д дөрөв, Украйнд нэг, 2010 онд Тайландад 26 нислэгийн хөдөлгөөний удирдагчыг бэлтгэлээ.
Энэ тоног төхөөрөмжийг ашиглаж эхэлсэнээр бид Монгол улсын нутаг дэвсгэр дээгүүр өнгөрч байгаа Олон улсын агаарын замуудын 80 орчим хувийг бодитоор хянах боломжтой болох төдийгүй нислэгийн аюулгүй ажиллагаа сайжирч, өнгөрөлтийн нислэгийн тоо нэмэгдэж, Монгол Улсын эдийн засагт оруулах хувь нэмэр тодорхой хэмжээгээр өсөх юм. Энэ оны эхний 8 сарын байдлаар 43016 өнгөрөлтийн нислэг хийгдсэн бөгөөд энэ нь өмнөх оныхтой харьцуулахад 7,8 хувиар өссөн, оны эцсийн байдлаар өнгөрөлтийн нислэг 6,8 хувиар өсөх хандлагтай байгааг Та бүхэндээ дуулгахад таатай байна.


Иргэний нисэхийн салбарын хөгжил жилээс жилд хурдацтайгаар өсч, томоохон хөрөнгө оруулалт хийгдэж байгаагийн нэг жишээ нь олон улсын нисэх буудлын хөрөнгө оруулалт юм. Энэ онд бид Японы Засгийн газрын тусламжтайгаар Хөшөгийн хөндийд орчин үеийн шаардлага хангасан олон улсын нисэх буудлын барилгыг эхлүүлээд байна. Мөн Чингис хаан ОУБ-ын хатуу хучилттай зурвасын хүчитгэлийн ажлыг дуусгаж, Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий, Увс аймгийн нисэх буудлын хатуу хучилттай зурвасын ажлыг хийж, энэ ондоо Увс аймгийн нисэх буудлын хатуу хучилттай зурвас, Увс, Говь-Алтайн нисэх буудлын барилгын ажлыг ашиглалтанд хүлээн авахаар бэлтгэж байна.


Энэ бол Иргэний нисэхийн салбарын үе үеийн ахмадууд Та бүхний цаг наргүй их хөдөлмөрийн үр дүн бөгөөд Та бүхний маань бүтээлч хөдөлмөр, сэтгэл зүтгэл, оюун ухаан шингэсэн Иргэний нисэхийн салбар Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэлээ хөгжин цэцэглэсэн байгааг өнөөдөр цохон тэмдэглэхэд таатай байна. ИНЕГ-ын хэмжээнд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Ахмадын сан байгуулж, ерөнхий газрын харьяалалтай 500 гаруй ахмадуудад сар бүр 30 000 төгрөгийн тэтгэмж олгож, ахмадууд та бүхэндээ бага ч гэсэн дэмжлэг үзүүлэх ажлыг эхлүүлээд байна.


ХХ зууны Монголын Иргэний нисэхийн салбарын баялаг түүхийн бүтээлцэж, хойч үедээ өвлүүлсэн гавьяатнууд Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Thursday, September 30, 2010

Ахмад настан, азай буурлууд аа!


Монгол Улсынхаа хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурлууд Та бүхэндээ олон улсын ахмадуудын баярын өдрийн халуун мэндийг хүргэе!
Ахмад настны өдрийг олон улсын хэмжээнд 19 дэх жилдээ, Монгол Улсад 17 дахь жилдээ өргөн дэлгэр тэмдэглэж байна. Эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө шударга, бүтээлч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмад настнуудаараа бид цаг үргэлж бахархаж, бас үлгэр дууриалал авч байдаг билээ.
Монгол Улсын Засгийн газрын бодлогын төвд ахмад настны нийгмийн хамгааллын асуудал онцгой байр суурь эзэлдэг бөгөөд ахмадуудад зориулсан шуурхай үйлчилгээ үзүүлэх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, эрүүл энх, урт удаан насалж, аз жаргалтай амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын хүн амын насжилтын стратеги”-ийг 2009 онд баталсан нь ахмад настны аж байдлыг сайжруулах, тэдний нийгмийн амьдралд идэвхтэй оролцох, эрүүл насжих нөхцөл боломжийг нэмэгдүүлэх талаар бодлогын чиглэлийг тусгасан анхны урт хугацааны бодлогын баримт бичиг юм.

Хамтарсан Засгийн газраас байгалийн баялгийн орлогоо иргэддээ тэгш, шударгаар хуваарилах бодлогоо хэрэгжүүлэх зорилгоор “Хүний хөгжил сан”-гийн тухай хуулийг санаачлан УИХ-аар батлуулж, эхний ээлжинд иргэн бүртээ 120.000 төгрөг олгож эхлээд байна. Ирэх оноос иргэн бүрт сар тутам 21000 төгрөгийг бэлнээр, үлдэх мөнгийг тухайн иргэний хэрэгцээнд тулгуурлан бэлэн бусаар олгох болно. Ялангуяа, ахмадууд бэлэн бус хэлбэрээр эрүүл мэндийн үйлчилгээ хүлээн авах боломжийг бүрдүүлэх нь чухал байна.

Засгийн газар тэтгэврийг нэмэгдүүлэх талаар үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтын хүрээнд 2010 оны 10 дугаар сарын 01-ээс эхлэн нийгмийн даатгалын болон халамжийн сангаас олгох тэтгэврийг 30,0 хувиар, мөн алдарт эхийн одонтой эхчүүдэд олгох тэтгэмжийн хэмжээг 50.0-100.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.

Дайнд оролцсон ахмад настнуудад орон сууцны дэмжлэг олгох ажлыг 2009 оноос эхлүүлж өнөөдрийн байдлаар 992 ахмад дайчин энэ арга хэмжээнд хамрагдаад байна. Энэ онд багтаан 600 ахмад дайчдад орон сууц олгох ажлыг хийж дуусгана гэдгийг дуулгахад таатай байна.

Цаашид ч ахмад настнуудынхаа төлөө, тэдний амьдралын баталгааг дээшлүүлэхийн төлөө тууштай, алсын хараатай бодлого боловсруулж хэрэгжүүлэх болно.

Төрөлх эх орныхоо төлөө бие сэтгэл, хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулсан буянт буурлууд та бүхэндээ зуу насалж, зургаадай таягаа тулж, үр хүүхэд, төр түмэндээ түшиг нь болж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД

Sunday, September 26, 2010

Мэндийн цэнхэр хадаг

Олон улсын ахмадын баярт зориулсан "Мэндийн цэнхэр хадаг" концерт 2010.10.01-ний өдрийн 14.00, 17.00 цагуудаас МҮЭ-ийн Соёлын төв ордны их танхимд болно.

Утас: 9914-9329, 9663-3123

Олон улсын Ахмадын баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлнэ

ИНЕГ, МИАТ ХК-ийн компанийн харъяа өндөр настнуудад зориулсан концерт, үдэшлэгийн арга хэмжээг 2010.09.30-ны өдрийн 13.00 цагаас МҮЭ-ийн Соёлын төв ордонд зохион байгуулна.

Энэхүү арга хэмжээг ИНЕГ, МИАТ Хувьцаат компани, Ахмадын хороо, Иргэний нисэхийн залуучуудын холбоо, Үйлдвэрчний эвлэлийн хорооноос хамтран зохион байгуулна.

Лавлах утас: 28-2083