Monday, October 4, 2010

Олон улсын ахмадын өдөрт зориулан ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга П.Мөнхжаргалын хэлсэн үг


МЭНДЧИЛГЭЭ
2010.09.30



ИНЕГ болон МИАТ ХК-ны нийт ахмадууддаа Олон улсын ахмадын өдрийн баярын мэндийг хүргэе. Энэ өдрийг тохиолдуулан Монголын Иргэний нисэхийн салбарын хувь заяаг атган залуу үе бидэндээ хүлээлгэн өгч, эх орныхоо өмөг түшиг, түмэн олынхоо ноён нуруу, хойч үеийнхээ бахархал, үлгэр дууриал, болж өнөөдрийг бүтээсэн ахмадууд Та бүхэндээ Иргэний нисэхийн салбарын хамт олон гүн хүндэтгэл илэрхийлж байна.


1925 онд Ардын Засгийн газрын санаачлага, ард түмний хандив тусламжаар хөгжлийнхөө гарааг эхлүүлсэн Иргэний нисэхийн салбарын үе үеийн ахмадууд Та бүхэн маань эх орноо батлан хамгаалах, бүтээн босгох их үйлсийн төлөө цаг наргүй хөдөлмөрлөж, залуу халуу насаа салбарынхаа хөгжилд зориулж ирсэн билээ.
Та бүхний хуримтлуулсан эрдэм мэдлэг, баялаг арвин туршлага, хойч үеэ гэсэн чин шударга сэтгэл тань үнэтэй хувь нэмэр болсоор байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Иргэний нисэхийн салбар өнөөдөр олон улсын жишигт нийцсэн орчин үеийн техник технологийг амжилттай нэвтрүүлсэн, нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалт, эрх зүйн боловсронгуй тогтолцоог бүрдүүлсэн, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд өндөр хувь нэмэр оруулдаг салбар болон хөгжиж байна.
Энэ онд Иргэний нисэхийн салбарын хамт олон бид НҮБ-ын гишүүн 198 орны гишүүнчлэлтэй Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллага /ICAO/-ын аюулгүй ажиллагааны өргөтгөсөн аудит шалгалтад хамрагдаж, шалгалтыг урьдчилсан байдлаар 90 гаруй хувийн үнэлгээтэй өгөөд байна. ICAO нь аюулгүй ажиллагааны өргөтгөсөн аудитыг 2006 оноос гишүүн орнууддаа эхлүүлсэн бөгөөд Монгол Улсын Иргэний нисэхийн салбар нислэгийн аюулгүй ажиллагааг хангаж ажилладаг тэргүүлэгч орнуудын тоонд багтаж, хоёр хөршөөсөө өндөр оноо авсан нь Иргэний нисэхийн хамт олон бид олон улсын хэмжээнд эх орныхоо нэр төрийг өндөрт өргөж чадсан тод жишээ боллоо.
Мөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр өнгөрч байгаа агаарын хөлгийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор Хөвсгөл аймгийн Түнэл, Хэнтий аймгийн Бор-Өндөр, Төв аймгийн Алтанбулаг сумын Мөнххайрхан ууланд орчин үеийн бодит ажиглалтын систем, радио лакаторыг суурилуулсан бөгөөд дээрх төхөөрөмжийг суурилуулах ажил дуусч, ашиглалтад авах бэлтгэл ажил эхлээд байна.
Навигацын шинэ тоног төхөөрөмжийг ашиглаж эхлэхтэй холбогдуулан 2008 онд Англид 24, ОХУ-д 13, Украйнд нэг, 2009 онд ОХУ-д дөрөв, Украйнд нэг, 2010 онд Тайландад 26 нислэгийн хөдөлгөөний удирдагчыг бэлтгэлээ.
Энэ тоног төхөөрөмжийг ашиглаж эхэлсэнээр бид Монгол улсын нутаг дэвсгэр дээгүүр өнгөрч байгаа Олон улсын агаарын замуудын 80 орчим хувийг бодитоор хянах боломжтой болох төдийгүй нислэгийн аюулгүй ажиллагаа сайжирч, өнгөрөлтийн нислэгийн тоо нэмэгдэж, Монгол Улсын эдийн засагт оруулах хувь нэмэр тодорхой хэмжээгээр өсөх юм. Энэ оны эхний 8 сарын байдлаар 43016 өнгөрөлтийн нислэг хийгдсэн бөгөөд энэ нь өмнөх оныхтой харьцуулахад 7,8 хувиар өссөн, оны эцсийн байдлаар өнгөрөлтийн нислэг 6,8 хувиар өсөх хандлагтай байгааг Та бүхэндээ дуулгахад таатай байна.


Иргэний нисэхийн салбарын хөгжил жилээс жилд хурдацтайгаар өсч, томоохон хөрөнгө оруулалт хийгдэж байгаагийн нэг жишээ нь олон улсын нисэх буудлын хөрөнгө оруулалт юм. Энэ онд бид Японы Засгийн газрын тусламжтайгаар Хөшөгийн хөндийд орчин үеийн шаардлага хангасан олон улсын нисэх буудлын барилгыг эхлүүлээд байна. Мөн Чингис хаан ОУБ-ын хатуу хучилттай зурвасын хүчитгэлийн ажлыг дуусгаж, Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий, Увс аймгийн нисэх буудлын хатуу хучилттай зурвасын ажлыг хийж, энэ ондоо Увс аймгийн нисэх буудлын хатуу хучилттай зурвас, Увс, Говь-Алтайн нисэх буудлын барилгын ажлыг ашиглалтанд хүлээн авахаар бэлтгэж байна.


Энэ бол Иргэний нисэхийн салбарын үе үеийн ахмадууд Та бүхний цаг наргүй их хөдөлмөрийн үр дүн бөгөөд Та бүхний маань бүтээлч хөдөлмөр, сэтгэл зүтгэл, оюун ухаан шингэсэн Иргэний нисэхийн салбар Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэлээ хөгжин цэцэглэсэн байгааг өнөөдөр цохон тэмдэглэхэд таатай байна. ИНЕГ-ын хэмжээнд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Ахмадын сан байгуулж, ерөнхий газрын харьяалалтай 500 гаруй ахмадуудад сар бүр 30 000 төгрөгийн тэтгэмж олгож, ахмадууд та бүхэндээ бага ч гэсэн дэмжлэг үзүүлэх ажлыг эхлүүлээд байна.


ХХ зууны Монголын Иргэний нисэхийн салбарын баялаг түүхийн бүтээлцэж, хойч үедээ өвлүүлсэн гавьяатнууд Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

No comments:

Post a Comment