Showing posts with label Үйл явдал. Show all posts
Showing posts with label Үйл явдал. Show all posts

Monday, October 10, 2011

Шилдэг дасгалжуулагчаар шалгарлаа



Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, ахмадуудын бие бялдар, эрүүл мэндийг дээшлүүлэх талаар төр засгаас дэвшүүлж буй зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор Монголын Ахмадын өдрийг тохиолдуулан Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас уламжлал болгон явуулдаг спорт явган аяллын 2011 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд ИНЕГ-ын баг амжилттай оролцлоо. Тэмцээний үеэр баг тамирчдаа хурд хүч, авхаалж самбаатай оролцуулсныг үнэлж тус багийн ахлагч, ИНЕГ-ын өндөр настан спортын мастер Чулууны Цогоог /"Чингис хаан" ОУБ/ шилдэг дасгалжуулагч, хүндэт өргөмжлөлөөр шагнасан байна. Багийн гишүүдэд Маамуугийн Саандар /"Чингис хаан" ОУБ/, Гонгорын Чимгээ /"Чингис хаан" ОУБ/, Батжаргалын Пүрэв /"Чингис хаан" ОУБ/, Чойжиннямын Наранцэцэг /ГТҮА/ нар хамрагдлаа.





ИНЕГ-ын Ахмадын хорооноос энэхүү тэмцээнд 5 удаагаа амжилттай оролцож байгаа бөгөөд жил бүр явагддаг энэхүү тэмцээнд оролцох сонирхолтой харъяаллын ахмадуудыг бүртгэж авна. /28-2083, 9916-5959, 9972-2405/



Thursday, May 5, 2011

Хүндэтгэл үзүүллээ

Иргэний агаарын тээврийн удирдах ерөнхий газрын даргаар 1974-1979 онд ажилласан С.Санжмятав, 1979-1986, 1993-1996 онуудад ажилласан Л.Лхагва, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар 1998-2006 онд ажилласан М.Дагва нарыг 2011.5.03-ны өдөр ИНЕГ-ын даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Saturday, February 5, 2011

Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ


Сар шинийн баярыг тохиолдуулан ИНЕГ-ын даргын зөвлөл, Ахмадын хорооноос хамтран 80 нас хүрсэн ахмадуудад /Х.Цэцгээ, Н.Жүгдэр, Л.Даваажав, С.Жаргал/ мөнгөн аяга, гарын бэлгийн хамт гардууллаа.
Мөн 85-аас дээш настай ахмадуудад /Д.Сэрээтэр-96, В.Өлзийхутаг-100, Н.Хуучаан-87, Ц.Жигжиджав-91, Д.Загд-91, З.Жавзан-90, Б.Алтангэрэл-88, Ж.Даваахүү-91, Х.Билгээ-89, И.Намжилсүх-88, Ж.Бүзээхүү-88, Б.Хоролжав-87/ алд цэнхэр хадаг, гарын бэлгийн хамтаар гардуулж хүндэтгэл үзүүллээ.

Tuesday, February 1, 2011

Тэргүүний ахмадын хороогоор шалгарлаа


Ахмад настанд төрөөс үзүүлэх нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулахад тушиглэсэн байгууллагатайгаа хамтран идэвх санаачлага гарган ажиллаж, улс орныхоо хөгжил цэцэглэлтэд залуу насаа зориулж хөдөлмөрлөж ирсэн ахмад настнуудыг хамт олноо гэсэн өөдрөг сэтгэлтэй, эруул саруул урт удаан наслахад нь тус дэм болж ажиллаж байгааг үнэлж ЗТБХБЯ-наас ИНЕГ-ын Ахмадын хороог салбарын тэргүүний ахмадын хороогоор шалгаруулсан байна.

Ахмадуудын дунд зохиох ажлын талаар өөрийн салбар, зөвлөлүүдэд удирдамж чиглэл өгч, ахмадуудын хийж бүтээсэн, салбарын хөгжилд оруулсан хувъ нэмэр, ажлын туршлагыг нь хойч үедээ уламжлуулах, ахмадуудын чөлөөт цагийг хамт олныхоо дунд сэтгэл хангалуун ур дүнтэй өнгөрөөх, тэднийг аялал жуулчлал, урлаг спортын арга хэмжээнд татан оролцуулах, эмчилгээ сувилалд явуулах зэргээр ахмадуудын сайн сайхны төлөө байнга анхаарч, ахмадуудынхаа бутээлч санаачлага, идэвх зүтгэлийг өрнүүлэн ажиллаж байгаа ИНЕГ-ын Ахмадын хороо болон байгууллага хамт олны ажлын амжилтыг үнэлж Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас тус газрын Ахмадын хороог "Тэргүүний ахмадын хороо"-гоор шалгаруулж "Хундэт Өргөмжлөл"-өөр шагнажээ.

Monday, October 4, 2010

Олон улсын ахмадын өдөрт зориулан ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга П.Мөнхжаргалын хэлсэн үг


МЭНДЧИЛГЭЭ
2010.09.30



ИНЕГ болон МИАТ ХК-ны нийт ахмадууддаа Олон улсын ахмадын өдрийн баярын мэндийг хүргэе. Энэ өдрийг тохиолдуулан Монголын Иргэний нисэхийн салбарын хувь заяаг атган залуу үе бидэндээ хүлээлгэн өгч, эх орныхоо өмөг түшиг, түмэн олынхоо ноён нуруу, хойч үеийнхээ бахархал, үлгэр дууриал, болж өнөөдрийг бүтээсэн ахмадууд Та бүхэндээ Иргэний нисэхийн салбарын хамт олон гүн хүндэтгэл илэрхийлж байна.


1925 онд Ардын Засгийн газрын санаачлага, ард түмний хандив тусламжаар хөгжлийнхөө гарааг эхлүүлсэн Иргэний нисэхийн салбарын үе үеийн ахмадууд Та бүхэн маань эх орноо батлан хамгаалах, бүтээн босгох их үйлсийн төлөө цаг наргүй хөдөлмөрлөж, залуу халуу насаа салбарынхаа хөгжилд зориулж ирсэн билээ.
Та бүхний хуримтлуулсан эрдэм мэдлэг, баялаг арвин туршлага, хойч үеэ гэсэн чин шударга сэтгэл тань үнэтэй хувь нэмэр болсоор байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Иргэний нисэхийн салбар өнөөдөр олон улсын жишигт нийцсэн орчин үеийн техник технологийг амжилттай нэвтрүүлсэн, нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалт, эрх зүйн боловсронгуй тогтолцоог бүрдүүлсэн, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд өндөр хувь нэмэр оруулдаг салбар болон хөгжиж байна.
Энэ онд Иргэний нисэхийн салбарын хамт олон бид НҮБ-ын гишүүн 198 орны гишүүнчлэлтэй Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллага /ICAO/-ын аюулгүй ажиллагааны өргөтгөсөн аудит шалгалтад хамрагдаж, шалгалтыг урьдчилсан байдлаар 90 гаруй хувийн үнэлгээтэй өгөөд байна. ICAO нь аюулгүй ажиллагааны өргөтгөсөн аудитыг 2006 оноос гишүүн орнууддаа эхлүүлсэн бөгөөд Монгол Улсын Иргэний нисэхийн салбар нислэгийн аюулгүй ажиллагааг хангаж ажилладаг тэргүүлэгч орнуудын тоонд багтаж, хоёр хөршөөсөө өндөр оноо авсан нь Иргэний нисэхийн хамт олон бид олон улсын хэмжээнд эх орныхоо нэр төрийг өндөрт өргөж чадсан тод жишээ боллоо.
Мөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр өнгөрч байгаа агаарын хөлгийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор Хөвсгөл аймгийн Түнэл, Хэнтий аймгийн Бор-Өндөр, Төв аймгийн Алтанбулаг сумын Мөнххайрхан ууланд орчин үеийн бодит ажиглалтын систем, радио лакаторыг суурилуулсан бөгөөд дээрх төхөөрөмжийг суурилуулах ажил дуусч, ашиглалтад авах бэлтгэл ажил эхлээд байна.
Навигацын шинэ тоног төхөөрөмжийг ашиглаж эхлэхтэй холбогдуулан 2008 онд Англид 24, ОХУ-д 13, Украйнд нэг, 2009 онд ОХУ-д дөрөв, Украйнд нэг, 2010 онд Тайландад 26 нислэгийн хөдөлгөөний удирдагчыг бэлтгэлээ.
Энэ тоног төхөөрөмжийг ашиглаж эхэлсэнээр бид Монгол улсын нутаг дэвсгэр дээгүүр өнгөрч байгаа Олон улсын агаарын замуудын 80 орчим хувийг бодитоор хянах боломжтой болох төдийгүй нислэгийн аюулгүй ажиллагаа сайжирч, өнгөрөлтийн нислэгийн тоо нэмэгдэж, Монгол Улсын эдийн засагт оруулах хувь нэмэр тодорхой хэмжээгээр өсөх юм. Энэ оны эхний 8 сарын байдлаар 43016 өнгөрөлтийн нислэг хийгдсэн бөгөөд энэ нь өмнөх оныхтой харьцуулахад 7,8 хувиар өссөн, оны эцсийн байдлаар өнгөрөлтийн нислэг 6,8 хувиар өсөх хандлагтай байгааг Та бүхэндээ дуулгахад таатай байна.


Иргэний нисэхийн салбарын хөгжил жилээс жилд хурдацтайгаар өсч, томоохон хөрөнгө оруулалт хийгдэж байгаагийн нэг жишээ нь олон улсын нисэх буудлын хөрөнгө оруулалт юм. Энэ онд бид Японы Засгийн газрын тусламжтайгаар Хөшөгийн хөндийд орчин үеийн шаардлага хангасан олон улсын нисэх буудлын барилгыг эхлүүлээд байна. Мөн Чингис хаан ОУБ-ын хатуу хучилттай зурвасын хүчитгэлийн ажлыг дуусгаж, Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий, Увс аймгийн нисэх буудлын хатуу хучилттай зурвасын ажлыг хийж, энэ ондоо Увс аймгийн нисэх буудлын хатуу хучилттай зурвас, Увс, Говь-Алтайн нисэх буудлын барилгын ажлыг ашиглалтанд хүлээн авахаар бэлтгэж байна.


Энэ бол Иргэний нисэхийн салбарын үе үеийн ахмадууд Та бүхний цаг наргүй их хөдөлмөрийн үр дүн бөгөөд Та бүхний маань бүтээлч хөдөлмөр, сэтгэл зүтгэл, оюун ухаан шингэсэн Иргэний нисэхийн салбар Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэлээ хөгжин цэцэглэсэн байгааг өнөөдөр цохон тэмдэглэхэд таатай байна. ИНЕГ-ын хэмжээнд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Ахмадын сан байгуулж, ерөнхий газрын харьяалалтай 500 гаруй ахмадуудад сар бүр 30 000 төгрөгийн тэтгэмж олгож, ахмадууд та бүхэндээ бага ч гэсэн дэмжлэг үзүүлэх ажлыг эхлүүлээд байна.


ХХ зууны Монголын Иргэний нисэхийн салбарын баялаг түүхийн бүтээлцэж, хойч үедээ өвлүүлсэн гавьяатнууд Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Thursday, September 30, 2010

Ахмад настан, азай буурлууд аа!


Монгол Улсынхаа хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурлууд Та бүхэндээ олон улсын ахмадуудын баярын өдрийн халуун мэндийг хүргэе!
Ахмад настны өдрийг олон улсын хэмжээнд 19 дэх жилдээ, Монгол Улсад 17 дахь жилдээ өргөн дэлгэр тэмдэглэж байна. Эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө шударга, бүтээлч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмад настнуудаараа бид цаг үргэлж бахархаж, бас үлгэр дууриалал авч байдаг билээ.
Монгол Улсын Засгийн газрын бодлогын төвд ахмад настны нийгмийн хамгааллын асуудал онцгой байр суурь эзэлдэг бөгөөд ахмадуудад зориулсан шуурхай үйлчилгээ үзүүлэх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, эрүүл энх, урт удаан насалж, аз жаргалтай амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын хүн амын насжилтын стратеги”-ийг 2009 онд баталсан нь ахмад настны аж байдлыг сайжруулах, тэдний нийгмийн амьдралд идэвхтэй оролцох, эрүүл насжих нөхцөл боломжийг нэмэгдүүлэх талаар бодлогын чиглэлийг тусгасан анхны урт хугацааны бодлогын баримт бичиг юм.

Хамтарсан Засгийн газраас байгалийн баялгийн орлогоо иргэддээ тэгш, шударгаар хуваарилах бодлогоо хэрэгжүүлэх зорилгоор “Хүний хөгжил сан”-гийн тухай хуулийг санаачлан УИХ-аар батлуулж, эхний ээлжинд иргэн бүртээ 120.000 төгрөг олгож эхлээд байна. Ирэх оноос иргэн бүрт сар тутам 21000 төгрөгийг бэлнээр, үлдэх мөнгийг тухайн иргэний хэрэгцээнд тулгуурлан бэлэн бусаар олгох болно. Ялангуяа, ахмадууд бэлэн бус хэлбэрээр эрүүл мэндийн үйлчилгээ хүлээн авах боломжийг бүрдүүлэх нь чухал байна.

Засгийн газар тэтгэврийг нэмэгдүүлэх талаар үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтын хүрээнд 2010 оны 10 дугаар сарын 01-ээс эхлэн нийгмийн даатгалын болон халамжийн сангаас олгох тэтгэврийг 30,0 хувиар, мөн алдарт эхийн одонтой эхчүүдэд олгох тэтгэмжийн хэмжээг 50.0-100.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.

Дайнд оролцсон ахмад настнуудад орон сууцны дэмжлэг олгох ажлыг 2009 оноос эхлүүлж өнөөдрийн байдлаар 992 ахмад дайчин энэ арга хэмжээнд хамрагдаад байна. Энэ онд багтаан 600 ахмад дайчдад орон сууц олгох ажлыг хийж дуусгана гэдгийг дуулгахад таатай байна.

Цаашид ч ахмад настнуудынхаа төлөө, тэдний амьдралын баталгааг дээшлүүлэхийн төлөө тууштай, алсын хараатай бодлого боловсруулж хэрэгжүүлэх болно.

Төрөлх эх орныхоо төлөө бие сэтгэл, хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулсан буянт буурлууд та бүхэндээ зуу насалж, зургаадай таягаа тулж, үр хүүхэд, төр түмэндээ түшиг нь болж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД

Sunday, September 26, 2010

Олон улсын Ахмадын баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлнэ

ИНЕГ, МИАТ ХК-ийн компанийн харъяа өндөр настнуудад зориулсан концерт, үдэшлэгийн арга хэмжээг 2010.09.30-ны өдрийн 13.00 цагаас МҮЭ-ийн Соёлын төв ордонд зохион байгуулна.

Энэхүү арга хэмжээг ИНЕГ, МИАТ Хувьцаат компани, Ахмадын хороо, Иргэний нисэхийн залуучуудын холбоо, Үйлдвэрчний эвлэлийн хорооноос хамтран зохион байгуулна.

Лавлах утас: 28-2083

Wednesday, June 23, 2010

Нэмэгдэл тэтгэврийг шилжүүлэв

ИНЕГ 2010 оны 1 дүгээр сараас эхлэн Ахмадын сан байгуулан, холбогдох журмыг мөрдөн ажиллаж байгаа билээ. Журмын дагуу Ахмадын сангаас сар бүр ахмадууддаа 30 000 төгрөгийн нэмэгдэл тэтгэвэр олгож байна. Нэмэгдэл тэтгэврийг ХААН банкаар дамжуулан харъяаллын ахмадууддаа олгож байгаа бөгөөд энэ 6 дугаар сарын нэмэгдэл тэтгэврийг өнөөдөр шилжүүлсэн байна.

Tuesday, February 23, 2010

Ахмад тээвэрчнээр шагнагдлаа


ЗТБХБ-ын сайдын 2010 оны 42 дугаар тушаалаар тус газрын Ахмадын хорооны өндөр настан Намжилын Лхагва-г "Ахмад тээвэрчин"-ээр баталж үнэмлэх олголоо.

Н.Лхагва нь Тээврийн эдийн засагч, техникч-механикч мэргэжилтэй. Тээврийн яамны Барилга трейстийн Авто баазад 1966-1985 онд ашиглалт эрхэлсэн орлогч
дарга, Авто тээврийн 28-р баазад 1985-1990 онд ерөнхий механик, МИАТ ХК-ийн авто баазад 1990 –2005 онд ашиглалт эрхэлсэн орлогч, дарга, хэсгийн дарга, ерөнхий механик, засвар техник үйлчилгээний механикаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан.

Улсад 39 жил, Иргэний нисэхийн байгууллагад 15 жил ажилласан.

Н.Лхагва нь автопарк, гараажийг технологийн дагуу зохион байгуулах, тохижуулах, автомашин, механизмуудаар хөнгөн шуурхай, сааталгүй үйлчлэх зорилтуудыг амжилттай биелүүлж, шинэ залуу ажилчдыг ажилд нь дадлагажуулах, мэргэжилдээ өсөх мэргэшихэд нь өөрийн биеэр үлгэрлэн ажилладаг байсан юм.
Н.Лхагва нь улирлын болон графикт техник үйлчилгээний ажлуудыг автомашин механизмийн явсан км, ажилласан мото цагаас хамааран графикийн дагуу хөдөлмөр зохион байгуулалтын өндөр түвшинд хийж гүйцэтгэснээр аэродромын үйлчилгээний болон орон нутаг дахь тусгай тоноглолтой автомашин механизмуудын техникийн бэлэн байдлыг цаг ямагт ханган, өөрийн оюун мэдлэгээ дайчлан ажлын гологдолгүй ажилладаг тэргүүний ажилтан төдийгүй онол практикийг хослуулан автомашинд учирсан эвдрэл гэмтлийг богино хугацаанд оношлон илрүүлэх, автомашины засварт зогсох хугацааг богиносгох зэрэгт идэвх санаачлагатай ажиллаж, автобаазын техникийн бэлэн байдлын коэффицентийг 0,93 хувьд, парк ашиглалтын коэфицентийг 0,66 хувьд байнга бэлэн байлгаж, засварын ажилчдаа чадварлаг удирдан зохион байгуулан, техникийн үйлчилгээ засварыг хугацаанд нь чанартай хийлгэн ажиллаж байсан байна.

Н.Лхагвагийн хөдөлмөрийг өндрөөр үнэлж, Ардын хувьсгалын 50, 60, 70, 80 жилийн ойн медалиуд, 1975, 1980, 1985, 1990 онуудад V, VI, VII, VIII таван жилийн гавшгайч, 2001 онд ДБЯ-ны Жуух бичиг, 2002 онд Монгол улсын “Онц тээвэрчин” цол тэмдэг, 1985онд Үйлдвэрчний эвлэлийн “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнагдаж байсан.

Тэтгэврээ нэмэгдүүлэх боломжтой

Би цалингаасаа тодорхой хувийг нь нийгмийн даатгалд шимтгэл хэлбэрээр төлдөг.

Энэ нь сүүлд бидний авах тэтгэвэр юм. Гэхдээ хуулиараа нийгмийн даатгалд шимтгэл төлөх хамгийн дээд хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 108 мянган төгрөгийг 10 дахин нэмэгдүүлсэн хэмжээ буюу 1080 000 төгрөг байдаг аж.


Хэрэв та 5 сая төгрөгийн цалинтай байлаа ч 1080 мянган төгрөгөөсөө л шимтгэл төлнө гэсэн үг. Харин сайн дураараа шимтгэл төлөгчид 648 000 төгрөгөөс шимтгэл төлдөг. Өөрөөр хэлбэл шимтгэл төлөх цалингийн хэмжээ хязгаартай байдаг аж.



Тэгвэл тэтгэврээ нэмэгдүүлэх зорилгоор сайн дураараа шимтгэл нэмж төлөх боломж нээгдэж эхэллээ.


ИНЕГ “Байгууллагын тэтгэврийн сан” бий болгосон нь дээрх боломжийн нэг жишээ болж байна. Ийм сан байгуулж, хамтран ажиллах тухай Санамж бичигт НХХЯ-ны дэд сайд Д.Нямхүү, МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар, ИНЕГ-ын дарга Г.Даваа нар өнөөдөр гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолын үеэр НХХ-ийн дэд сайд хэлэхдээ, цаашдаа тэтгэврийн сангийн ийм хэлбэрийг дэмжих зорилгоор бусад бололцоотой байгууллагуудад тэтгэврийн сан бүрдүүлэхийг уриална гэсэн юм.



Энэ санд байгууллага, ажилчид 50:50 хувиар хуримтлал үүсгэх юм. Гэхдээ байгууллагын боломж нэмэгдвэл оруулах хувь хэмжээгээ нэмэгдүүлж болно гэнэ. Түүнчлэн хүнд ажил хийдэг нарийн мэргэжлийн ажилчдынхаа төлөө илүү хувь төлж ч бас болох аж.



Сангийн хувьд заавал 5 жил хуримтлал оруулж байж тэтгэмж авах боломж бүрдэх бөгөөд 5 жилээс өмнө ажлаасаа өөрчлөгдвөл зөвхөн өөрийн оруулсан хувийг хүүтэй нь авах юм. Түүнчлэн сангийн хуримтлалаа ашиглаж чадаагүй тохиолдолд гэр бүл, үр хүүхдэд нь шилжих бололцоотой ажээ. Энэ санг байгууллагын удирдлага, үйлдвэрчний байгууллага, төрийн бус байгууллагын төлөөлөл орсон зөвлөл хянаж ажиллах ажээ.

Thursday, February 18, 2010

Ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

ИНЕГ-ын дарга Г.Даваа тус газрын болон харъяа байгууллагуудын харъяалалтай ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Арга хэмжээнд ИНЕГ-ын удирдлагууд, алба салбарын дарга нар, ахмадын хорооны шинэ дарга оролцлоо. Энэ үеэр нийт ахмадуудад шинээр байгуулагдсан "Ахмадын сан"-гийн үйл ажиллагааг тайлбарлан таниулж, 2010.01.01-нээс эхлэн нийт харъяаллын ахмадууддаа сар бүр 30 хүртэл мянган төгрөгийн нэмэгдэл тэтгэврийг хамгийн олон салбартай гэх "Хаан банк"-ны картаар дамжуулан тус сангаас олгож эхлэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар ИНЕГ, харъяа байгууллагуудад, орон нутгийн нисэх буудлуудад нийт 510 өндөр настан энэ нэмэгдэл тэтгэвэрт хамрагдаж байна. Сангийн үйл ажиллагааг нийт ахмадууд талархалтайгаар хүлээн авлаа.


Мөн 80 нас хүрч буй 8 ахмадад ИНЕГ-ын дарга алд цэнхэр хадаг, мөнгөн аяга дурсгаж, сайн сайхныг хүсэн ерөөсөн юм.





ИНЕГ-аас өмнөх жилүүдэд ахмадууддаа олон төрлийн тэтгэмж, дэмжлэг үзүүлдэг байсан ба эдгээрт жил бүр тодорхой төсөв зарцуулж, сүүлийн жилүүдэд зардал тогтмол өсч ирсэн байдаг. Ахмадуудад зарцуулдаг тэтгэмж нь нийт ахмадуудад жигд хуваарилагддаггүй, цөөн тооны ахмад тэтгэмжид хамрагддаг, явдал чирэгдэл болдог байсан энэ байдлыг халах, ИНЕГ, түүний харъяа байгууллагаас олгох нэмэгдэл тэтгэврийн санг бүрдүүлэх, өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад настанд нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж олгох, хөдөлмөр, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Ахмадын талаар гарсан хууль, Засгийн газрын тогтоол шийдвэрүүдийг үндэслэн ИНЕГ-ын "Ахмадын сан"-г байгуулж, сангийн үйл ажиллагааг эхлүүлж байгаа болно.



Цаашдаа одоогийн ажиллаж байгаа ажилтнууд буюу "ирээдүйн ахмадуудад" энэ сангийн үйл ажиллагааг холбож өгөх ба ингэснээр тухайн ажилтан тэтгэвэрт гартлаа санд мөнгө хуримтлуулж, тэтгэвэрт гарсны дараа "нэмэгдэл тэтгэвэр"-ийг энэ сангаас хүртэх боломжтой болно.