Tuesday, February 23, 2010

Тэтгэврээ нэмэгдүүлэх боломжтой

Би цалингаасаа тодорхой хувийг нь нийгмийн даатгалд шимтгэл хэлбэрээр төлдөг.

Энэ нь сүүлд бидний авах тэтгэвэр юм. Гэхдээ хуулиараа нийгмийн даатгалд шимтгэл төлөх хамгийн дээд хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 108 мянган төгрөгийг 10 дахин нэмэгдүүлсэн хэмжээ буюу 1080 000 төгрөг байдаг аж.


Хэрэв та 5 сая төгрөгийн цалинтай байлаа ч 1080 мянган төгрөгөөсөө л шимтгэл төлнө гэсэн үг. Харин сайн дураараа шимтгэл төлөгчид 648 000 төгрөгөөс шимтгэл төлдөг. Өөрөөр хэлбэл шимтгэл төлөх цалингийн хэмжээ хязгаартай байдаг аж.



Тэгвэл тэтгэврээ нэмэгдүүлэх зорилгоор сайн дураараа шимтгэл нэмж төлөх боломж нээгдэж эхэллээ.


ИНЕГ “Байгууллагын тэтгэврийн сан” бий болгосон нь дээрх боломжийн нэг жишээ болж байна. Ийм сан байгуулж, хамтран ажиллах тухай Санамж бичигт НХХЯ-ны дэд сайд Д.Нямхүү, МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар, ИНЕГ-ын дарга Г.Даваа нар өнөөдөр гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолын үеэр НХХ-ийн дэд сайд хэлэхдээ, цаашдаа тэтгэврийн сангийн ийм хэлбэрийг дэмжих зорилгоор бусад бололцоотой байгууллагуудад тэтгэврийн сан бүрдүүлэхийг уриална гэсэн юм.



Энэ санд байгууллага, ажилчид 50:50 хувиар хуримтлал үүсгэх юм. Гэхдээ байгууллагын боломж нэмэгдвэл оруулах хувь хэмжээгээ нэмэгдүүлж болно гэнэ. Түүнчлэн хүнд ажил хийдэг нарийн мэргэжлийн ажилчдынхаа төлөө илүү хувь төлж ч бас болох аж.



Сангийн хувьд заавал 5 жил хуримтлал оруулж байж тэтгэмж авах боломж бүрдэх бөгөөд 5 жилээс өмнө ажлаасаа өөрчлөгдвөл зөвхөн өөрийн оруулсан хувийг хүүтэй нь авах юм. Түүнчлэн сангийн хуримтлалаа ашиглаж чадаагүй тохиолдолд гэр бүл, үр хүүхдэд нь шилжих бололцоотой ажээ. Энэ санг байгууллагын удирдлага, үйлдвэрчний байгууллага, төрийн бус байгууллагын төлөөлөл орсон зөвлөл хянаж ажиллах ажээ.

No comments:

Post a Comment