Sunday, October 24, 2010

Дугарын ГУНГАА (1916-2010)


Монгол Улсын түүхэнд нэрээ үлдээсэн эх орончдийн нэг, бидний эрхэм хүндэт хүн Монгол Улсын Баатар, Монголын Иргэний нисэхийн ерөнхий газрын анхны дарга, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, БНМАУ-ын Гавьяат нисгэгч, хошууч генерал Дугарын ГУНГАА 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдөр өвчний улмаас таалал төгсөж, Монголын ард түмэнд нөхөшгүй гарз тохиолоо.

Монгол Улсын баатар, БНМАУ-ын Гавьяат нисгэгч Дугарын Гунгаа нь 1916 онд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг Сангийн далай гэдэг газар төрж, 1937 онд Улаанбаатар хотод Нисэх бригадын дэргэдэх нисэх сургууль, 1958-1959 онд ЗХУ-ын нисэхийн курсыг тус тус төгсөж, Сүхбаатар аймгийн Дарьганга дахь 35 дугаар морьт хорооны цэрэг, бага дарга, 1937 оноос Нисэх сургуульд хэсгийн дарга, 1939 оноос Нисэх I хороонд эскадрилийн дарга, 1942 оноос Нисэх дивизийн III хорооны дарга, 1944 оноос Нисэх II хороонд эксадрилийн дарга, 1945 оноос Нисэх V хороонд нислэгийн туслах, 1947 оноос Нисэх отрядын дарга, 1948 оноос Нисэх V хорооны орлогч дарга, 1953 оноос мөн хорооны нислэгийн орлогч, 1958 оноос Нисэх V отрядын дарга, 1963 оноос Агаарын харилцааны газарт боловсон хүчний хэлтсийн дарга, 1964 оноос Агаарын харилцааны газрын хөдөлгөөний албанд шалгах группын дарга, 1965 оноос Агаарын харилцааны газар, ИАТУЕГ-ын даргаар тус тус ажиллаж, нисэх хүчин болон Иргэний нисэхийн салбарт өөрийн хүч, авъяас чадвараа зориулсан манай салбарын шилдэг боловсон хүчний нэг, ахмад сурган хүмүүжүүлэгч байлаа


Монголын эх оронч, баатарлаг хөвгүүдийн нэг Д.Гунгаа нь 1934-1974 оныг хүртэл эзэмшсэн мэргэжлээрээ ажилласан бөгөөд энэ хугацаандаа 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн, 1944, 1947 оны баруун хязгаарын зэвсэгт тулгаралтанд оролцож, эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалах үйлсэд амь биеэ үл хайрлан эрэлхэг зоригтой, баатарлагаар тулалдаж явсан төдийгүй энхийн цагт Монголын Иргэний нисэхийн салбарын түүхийн хуудасыг нээж, түүний залуу боловсон хүчнийг сурган хүмүүжүүлж, салбар болон улс орны эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулах ажлыг биечлэн удирдан зохион байгуулж, их ирээдүйн төлөө дэнлүү мэт ассан, цуцашгүй хөдөлмөрч, иргэний нисэхийн салбарын шилдэг удирдагчдын нэг, нисэх хүчний амьд түүхийн хуудас болсон манай манлайлагчдын нэг юм.


Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, БНМАУ-ын Гавьяат нисгэгч, Монгол Улсын Баатар Дугарын Гунгаагийн эх орноо харийн дайснаас батлан хамгаалах их үйлс болон Иргэний агаарын тээврийн салбарын хөгжил, түүний залуу боловсон хүчнийг сурган хүмүүжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэл, алдар гавьяаг төр засаг өндөрөөр үнэлж 1965 онд БНМАУ-ын Гавьяат нисгэгч цол, 1969 онд Хошууч генерал цол, 2009 онд Монгол улсын Баатар цол, мөн Сүхбаатарын одон, Байлдааны улаан тугийн одон, Алтан гадас одон /хоёр/, Байлдааны медаль болон бусад ойн медаль, ЗХУ-ын Байлдааны улаан тугийн одонгоор тус тус шагнаж байв.


Талийгаачийн ар гэр, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхөд, ойр дотныхонд гүн эмгэнэл илэрхийлье. Талийгаачийн ухаалаг, хүнлэг, нөхөрсөг, шулуун шударга, ямагт гэрэл гэгээ цацруулсан дүр төрх, шинийг сэдэгч, бүтээн байгуулагч, баатарлаг эх оронч, амьдралын идэвхитэй чанар нь Монголын ард түмний сэтгэл зүрхэнд мөнх орших болно.

ИНЕГ-ын Ахмадын хороо

No comments:

Post a Comment